Go to the page content

Чихрийн шижин хэвшинж 1-тэй хүүхдийг асрах

Чихрийн шижин хэвшинж 1-тэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг асран хамгаалагчидтай уулзах.

Хүүхдийн чихрийн шижин өвчний үндсэн шалтгаан юу вэ?

Насанд хүрээгүй хүмүүсийн (хүүхдийн) чихрийн шижин нь хүүхдүүдийн дунд ховор биш тохиолддог өвчин юм. Дэлхийн хэмжээнд чихрийн шижин хэвшинж 1-тэй 1.2 сая орчим хүүхэд байна.1

Чихрийн шижин хэвшинж 1 -ийн үед биеийн дархлааны тогтолцоо нойр булчирхайн эсийг устгахад өдөөгдөж,  улмаар таны бие инсулин үйлдвэрлэх чадваргүй болдог.2 Инсулин нь биеийн эсэд глюкозыг энерги болгон хувиргахад тусалдаг даавар юм.3,4 Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхдүүдийн чихрийн шижин хэвшинж 1-ийн шалтгааныг гүйцэд ойлгоогүй хэвээр байна. Энэ нь өвлөн авсан удамшлын хүчин зүйлс, түүнийг өдөөдөг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй холбоотой гэж үздэг.2

Гэсэн хэдий ч чихрийн шижин хэвшинж 1-тэй харьцуулахад чихрийн шижин хэвшинж 2-ын (залуу насанд эхэлж байгаа чихрийн шижин хэвшинж 2) тохиолдол нэмэгдэж байна. Чихрийн шижин хэвшинж 2 нь илүүдэл жин эсвэл таргалалт зэрэг архаг эмгэгтэй хавсардаг бөгөөд буруу хооллолт, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягаас үүдэн хүүхдүүдийн дунд чихрийн шижин хэвшинж 2-ын тохиолдол ихэсч байна. Мөн ген, эхийн таргалалт зэрэг бусад хүчин зүйлс бас нөлөөлж болно.2

Чихрийн шижинтэй хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хүүхдийн чихрийн шижингийн шинж тэмдгүүд насанд хүрэгчдийнхээс ялгаатай байж болно.

Чихрийн шижингийн уламжлалт шинж тэмдгүүд

  • Жирийн үеийнхээс илүү ам цангах
  • Ядарч сульдах
  • Жин буурах
  • Жирийн үеийнхээс олон шээх

Хүүхдийн чихрийн шижингийн шинж тэмдгүүд

  • Ходоод өвдөх
  • Толгой өвдөх
  • Зан үйлийн асуудлууд

Чихрийн шижиг хүн бүр өөр өөрөөр мэдрэх боломжтой тул тэд шинж тэмдгүүдийг бас өөр өөрөөр мэдэрч болно. Хэрэв таны хүүхдэд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэргэжилтэнтэй  зөвлөлдөх нь чухал юм. Хүүхдэд илрэх чихрийн шижингийн шинж тэмдгийг таньж мэдэх нь эрт оношлох, эмчлэхэд тусалдаг бөгөөд чихрийн шижин өвчний урт хугацааны хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.5

Хүүхдийн чихрийн шижинг хэрхэн хянах вэ

Хүүхэд чихрийн шижингээ хэрхэн яаж удирдах болон эмчлэх нь тэд чихрийн шижингийн ямар хэвшинжтэй гэдгээс хамаардаг.

Хүүхдийн чихрийн шижин хэвшинж 1-ийн менежмент

Чихрийн шижин хэвшинж 1-тэй хүүхдүүдэд өөрөөс нь инсулин бага эсвэл огт үүсдэггүй тул инсулины эмчилгээ эхлэх хэрэгтэй болдог.

Эмчилгээний нэг хэсэг болох  хүүхдийн цусны сахарын хэмжээг тогтмол хэмжих нь чихрийн шижинг хянах, инсулиныг ямар хэмжээгээр тарих шаардлагатайг ойлгоход тусалдаг. Бага насны хүүхдэд  бага тун хэрэгтэй, харин тэд өсөж том болоход тэдний инсулины хэрэгцээ бас  нэмэгддэг.

Анх оношлогдсоноос эхлэн  чихрийн шижингийн мэргэжлийн баг эмчилгээг эхлэхэд туслах бөгөөд үүнд хооллох үеийн хурдан-үйлдэлтэй  инсулин, өдөр ба шөнийн турш цусны сахарын хэмжээг хянахад туслах удаан-үйлдэлтэй инсулин орно. Инсулиныг ихэвчлэн тарилга, инсулины шахуурга болон инсулиныг удирдахад туслах бусад төхөөрөмжөөр хийдэг.

Хүүхдийн чихрийн шижин хэвшинж 2-ын менежмент

Хүүхдийн чихрийн шижин хэвшинж 2-ыг хэд хэдэн аргаар удирдана. эмчлэх боломжтой. Хэрэв тэд эрт үе шатанд байгаа бол цусны сахарын хэмжээг хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөнөөр хянах боломжтой. Зарим чихрийн шижин хэвшинж 2-той хүүхдүүдэд цусны сахарын хэмжээг зохицуулахад туслах эм хэрэглэх шаардлага гарч болно.

Чихрийн шижингийн аль ч хэвшинжийн үед таны хүүхэд өсөх тусам тэдний хэрэгцээ нэмэгддэг, үүнийг дагаад тэдний эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх шаардлагатай тул эрүүл мэндийн багтайгаа тогтмол уулзаж байх нь чухал.

Чихрийн шижинтэй хүүхдийг хэрхэн дэмжих вэ

Хүүхдийн чихрийн шижинг удирдах нь маш төвөгтэй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс чихрийн шижинтэй хүүхдүүдээ дэмжих олон зүйл байдаг. Хүүхдийн наснаас хамаарч шаардлагатай оролцоо, дэмжлэгийн хэмжээ өөр өөр байна.

Бага насны хүүхдүүдийн хувьд асран хамгаалагч нь инсулин тарихаас эхлээд цусны сахарыг тогтмол хянах зэргээр маш их оролцоотой байдаг. Хүүхэд өсч томрох тусам эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр асран хамгаалагчдын биеэр гүйцэтгэх үүрэг багасч,  хүүхдэд чихрийн шижингээ өөрөө удирдахад сургахад илүү чиглэгдэнэ. Энэ үүргийн нэг хэсэг нь чихрийн шижингийн талаарх боловсрол, цусны сахарын хэмжээг хянахын ач холбогдлыг ойлгуулах бөгөөд  эдгээр нь цусны сахарын түвшинг удирдах болон сэтгэлзүй, нийгмийн талд эерэг нөлөө үзүүлдэг.

Ямар ч насны хүүхдүүдийн хувьд эцэг эх, асран хамгаалагчид нь толгой эргэх, хэт өлсөх, бие сулрах, хөдөлгөөн удаашрах, нүд бүрэлзэх, хэл орооцолдох зэрэг цусны сахарын хэмжээ багасах (гипогликеми гэдэг)үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх хэрэгтэй. Асран хамгаалагчид цусны сахар унахад түүнийг өсгөхөд туслах тохиромжтой хоол хүнсийг хүүхэд хялбархан олж авах боломжтой эсэхийг шалгах хэрэгтэй.

Эмийн бэлдмэлээс гадна эцэг эх, асран хамгаалагчид нь нийлмэл нүүрс устай олон төрлийн эрүүл, тэнцвэртэй хооллолтыг хангаж, тогтмол дасгалыг сайн түвшинд хийлгэж хүүхдийнхээ чихрийн шижинг удирдахад тусална.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хуудсуудаар зочилно уу

HQ25DI00016

Номзүй
  1. Diabetes.co.uk. Juvenile Diabetes. Available from: https://www.diabetes.co.uk/juvenile-diabetes.html. Last accessed: April 2022.
  2. International Diabetes Federation. IDF Atlas 10th Edition, 2021. Available from: https://diabetesatlas.org/idfawp/resource-files/2021/07/IDF_Atlas_10th_Edition_2021.pdf. Last accessed: April 2022.
  3. NIDDK. Type 1 diabetes. Available from: https://www.niddk.nih.gov/health-information/diabetes/overview/what-is-diabetes/type-1-diabetes. Last accessed: April 2022.
  4. NIDDK. Insulin Resistance and Prediabetes. Available from: https://www.niddk.nih.gov/health-information/diabetes/overview/what-is-diabetes/prediabetes-insulin-resistance. Last accessed: April 2022.
  5. Diabetes.co.uk. Children and Diabetes. Available from: https://www.diabetes.co.uk/children-and-diabetes.html. Last accessed: April 2022.
  6. Diabetes UK. Children and type 2 diabetes. Available from: https://www.diabetes.org.uk/guide-to-diabetes/your-child-and-diabetes/type-2. Last accessed: April 2022.
  7. Swift PG. Diabetes education in children and adolescents. Pediatric diabetes. 2009;10:51-57.